Тев аймгийн Мөнгөнморьт сум анх Сэцэн хан аймгийн Далай дархан бээлийн хошуу нэртэй 1691 онд үүсэн байгуулагдаж 1923 оны шинэ засаг захиргааны зохион байгуулалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд90 жилийн түүхтэй. Гурван мөрний сав газар Бурхан халдун уулын өвөр, хэрлэн мөрний эхэнд оршдог.
Хэнтийн салбар уулсын өндөрлөгүүд болох Их Хэнтийн нуруу, Гёлон, Сандлант, Аргалагын нуруу зэрэг уул нурууд, Хэрлэн, Тэрэлж, Тэнүүн, Байдлаг, Захар, Минж зэрэг олон гол мөрөн, Шорвог, Далхай, Хөх нуур, Энгэр нуур зэрэг нуур цөөрмөөр элбэг үзэсгэлэнтэй сайхан байгальтай.
Төв аймгийн зүүн хойд хэсэгт:
- Улаанбаатар хотоос 180 км,
- Аймгийн төвөөс 188 км
- Улаанбаатар хотын Багануур дүүргээс 56 км зайд байрладаг.
Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг сумдтай хиллэдэг.
Төв аймгийн Швейцарь гэгддэг энэ сайхан хангайд хандгай. Буга. Бор гөрөөс. Баавгай, чоно, үнэг, шилүүс, булга зэрэг 50 гаруй зүйлийн хөхтөн амьтад, төрөл бүрийн жигүүртэн шувуудтай, Ургамлын аймагт 56 овог, 220 төрөлд хамрагдах 336 зүйл ургамалтайгаас 84 зүйл эмийк ургамал байдаг.
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн бүсийн Хэнтийн нурууны тайга зонхилсон мужийн Хэнтийн төв хэсгийн тайгын тойрог болон Хэнтийн зах уулсын ойт хээрийн бүс , геоморфологийн хувьд Хэрлэн- Туул-Онон гурван мөрний сав газарт багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай
- 1 дүгээр сарын дундаж температур -24,3 °С
- 7 дугаар сарын дундаж температур +19,3 °С
- жилийн дундаж салхины хурд 3,2 м/с жилийн хур тундасны нийлбэр 237 мм
Нийт 672063 га газар нутагтай 80% нь ой түүнээс 50 гаруй хувийг Улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Нийт газар нутгийн 98.1 га нь Хөдөө аж ахуйн газар, 21,5 га нь Ойн сан бүхий газар, 2500 га нь усан сан бүхий газар, 35,4 га тусгай хэрэгцээний газар, 775,9 га тосгон суурингийн газар, 513 га нь зам шугам сүлжээний газар байдаг.
Мөнгөнморьт сум 2000 гаруй хүн амтай бөгөөд 20% нь буриад үндэстэн эзэлдэг . Хүн амьш тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 16-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /3.05хүн /га / сум юм.
Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 217,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6,6 сая, аймагт 106,4 сая, орон нутагт 85,8 сая нийт 198,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлдэг.
Манай сум 59000 толгой малтай бөгөөд үүний дотроос үхэр сүргийн тоо 2010 онд түм болж Түмэн үхрийн эцсийн баяр хийснээс гадна 2013 оны жилийн жилийн эцсийн байдлаар Жаргалант баг аймагтаа үхэр сүргийн тоогоор тэргүүлсэн амжилттай байна.
Хэрлэн голын баруун биед буй Эрдэнэ хайрхан уул мөн зүүн биед буй Дашноров хайрханы орой дээр сүндэрлэн харагдах хадан цохиог Чингис хааны морины уяа гэх домогтой, Үүд мод, Бөртэ үжин мэргэдэд булаагдсан газар, Буян төгс уулын Цогчин дуганы туурь, Үл мэдэх ноёны хатандаа зориулсан сүм, Батсүмбэр толгой дахь Сүхбаатарын хөшөө, Зүүн байдлагийн хөгшин хүрээний туурь, Зүүн бүрхийн хараалчийн хэрэм, Ойрадын их хаан Галдан бошигтын зам мөр Сандраах, Бүрэнгийн даваа зэрэг түүх дурсгалын олон газруудаараа бахархаж аялал жуулчлалын маршрут тогтоохоор ажиллаж байна.
Төрөлх Мөнгөнморьт сумаас маань Монгол улсын төрийн шагналт 1, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн 1, Монгол улсын гавьяат багш 1, МУ-ын гавьяат тамирчин 2, МУ-ын гавьяат жүжигчин 2, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 1, Гавьяат барилгачин 1, Эрдэмтэн доктор 9, Партизан 1, Ахмад дайчин 2, Улсын аварга малчин 4, Улсын сайн малчин 1, Улсын залуу аврага малчин 2, Улсын аварга комбайнч 2, Улсын аварга барилгачин 1, Сүхбаатарын одонт 3, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 8, Байлдааны гавъяаны одонт 3, Алтан гадас одонт 40, Цэргийн гавьяаны одонт 2, МУ-ын алдарт уяач 2, Зууны манлай улсын арслан 1, Монгол улсын начин цолтон 2 төрөн гарсан нь бидний бахархал билээ.
Үзэсгэлэнт байгаль онгон сайхан нутгаараа бахархсан зон олны ажил үйлс өдрөөс өдөрт өргөжиж нутаг орны хөгжил дэвшил тэлсээр байна. Үүний тод жишээ нь:
Аймгийн хөдөлмөрйн аварга хамт олон, аймгийн тэргүүний цэцэрлэг 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдөр 140 хүүхэд хүлээн авч гэр цэцэрлэг нээн ажиллуулж байна. Энэ хамт олон бага насны хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийг хөгжүүлэх ажилд багш бүрийн сэтгэл шингэж ажилласны дүнд аймгийн хүүхдийн урлагийн Яргуй наадмаас бүжгийн төрлөөр хошой алтан медаль хүртсэн амжилттай байна. Мөн хүүхдийн сурах хөгжих орчин нөхцлийг сайжруулах үүднээс Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдан 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан бөгөөд Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол ханган ажиллаж буй ажилсаг бүтээлч хамт олон юм.
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль Монгол улсын Засгийн газраас баталсан Авъяас, Ном, Зөв монгол хүүхэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж авъяас билэг нь ундарсан шавь нар нь аймгийн хүүхдийн урлагийн Яргуй наадмаас бүжгийн төрлөөр 3 удаа алтан медаль хүртэж жил бүр урлагийн тоглолтоо ард иргэдэд толилуулж байна. Үүний зэрэгцээ сурагчдын аймаг улсад өрсөлдөх чадвар нэмэгдэж хичээлийн төрөлжсөн олимпиад, спортын тэмцээнүүдээс медаль хүртэж байгаа бахдам амжилтыг дурдахад таатай байна.
Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэн сүүлийн 3 жилд эх нялхсын эндэгдэлгүй ажиллаж. аймгийн хэмжээнд эхний 5 байрт тогтмол шалгарч байгаа Эрүүл мэндийн төв түүхт 80 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Соёлын үрийг түгээн дэлгэрүүлэх ажлын түүчээ болсон соёлын төвөөс түүх дурсгалын газруудыг бүртгэлжүүлэн, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг сурталчлах зорилгоор Өв соёлоо дээдэлье сэдэвт өдөрлөгийн ажиллагааг зохион байгуулж 45 иргэнд Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн батламж гардуулж, хувь хүний гар дээр хадгалагдаж буй түүх соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэнд 6 хүний өв уламжлагдаж ирсэн 46 төрлийн бүтээлүүд оролцож ард иргэдэд толилууллаа.
Мөн Сум дундын ойн ангийг 2009 оноос байгуулан ажиллаж ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор ойн ангийн дэргэд Мод үржүүлгийн газар байгуулан ажиллаж байгаа нь үр дүнд хүрч байна.
Шинэчилсэн Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажльтг иргэдийн гаргасан эрэмбэ жагсаалтын дагуу чанартай гүйцэтгэж байгаа бөгөөд 2013 онд Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг саяжруулах үүднээс сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнг 29,4 сая төгрөгөөр, сумын төвийн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гэрэлтүүлгийг 30,0 сая төгрөгөөр, сумын урд ухаагийн бэлгэдлийг 19,9 сая төгрөгөөр гүйцэтгэж, олон жилийн хур хог хаягдлыг цэвэрлэж, булах, шинээр хогийн цэг байгуулах ажлыг 35,0 сая төгрөгөөр хийж нийтдээ 284,0 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг Орон нутгийн хөгжлийн сан болон өөрсдийн хүч бололцоогоо ашиглан гүйцэтгэж түүхт 90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж ажилласны дүнд 2013 оны ажил үйлсээрээ Төв аймгийн “Шилдэг сум ”-аар шалгарсан амжилт гаргасан билээ.
2014 онд бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дээлтэй монгол өдөрлөг, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Малчдын зөвлөгөөн, Байгаль хамгаалагчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй хүргэх, иргэдийн санал бодлыг сонсох ажлын хүрээнд өөрийн нөөц бололцоог ашиглан Иргэний танхимыг тохижуулан ашиглалтанд оруулж Зүүн бүсийн түшиц хурал, Залуу хосын гэрлэх ёслол, Хүүхдээ сонсъё арга хэмжээ болон бусад сургалт хэлэлцүүлгийг 15 удаа зохион байгуулсан дүнтэй байна.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баруун бүрхийн гол дээгүүр гүүр шинээр барих ажлыг 39.8 сая төгрөгөөр . Ахуйн үйлчилгээний байрыг ЗДТГ- ын уурын зууханд холбох дулааны холболтын ажлыг 24,3 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын гадна тохижилтын ажлыг 60,0 сая төгрөгөөр хийж, Зүүн бүрхийн гол дээгүүр гүүр барих ажлын зураг төсөв хийх, Хэрлэнгийн голд перевоз / бирвааз/ барих ажлын тендер сонгон шалгаруулаад ажиллаж байна. Мөн малчдын сүүг зах зээлд борлуулах, тэдний мөнгон орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн бүрхийн уулс ирээдүй хоршоо нь Мон фрэш ХХК-тай хамтран 45.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүү хөргөлтййн төв байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа зэрэг олон олон бүтээлч ажлуудыг танилцуулахад таатай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дунд сургуулийн сантехникийн засварыг 80 сая төгрөгөөр,Төвсийн орлогын шилжих үлдэгдлээс сумын төвийн эрчим хүчний доголдлыг арилгах зорилгоор 74 сая төгрөгөөр дэд станцын өргөтгөлийн ажил, 9 сая төгрөгөөр Тэрэлжийн гүүрийн засвар, 9 сая төгрөгөөр Ёслол хүндэтгэлийн өргөөний тохижилтын ажлыг хийж, нийгмийн салбарын байгууллагуудад хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр Дунд сургуулийн хүүхэд хөгжлийн танхимыг 10 сая төгрөгөөр,
Соёлын төвийн хөгжим аппаратурыг шинэчлэхэд 10 сая төгрөгөөр, Хэрлэн цэцэрлэгийг камержуулах ажлыг 2 сая төгрөгөөр , Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хэрлэнгийн гол дээгүүр перевоз барих ажлыг 54 сая төгрөгөөр, Ахуйн үйлчилгээний төвийн засварыг 40 сая төгрөгөөр, гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг 19 сая төгрөгөөр, Жаргалант багийн нутаг Энгэр нуур гэх газарт бэлчээрийн худаг гаргах ажлыг 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн нь сумын хөгжил, иргэдийн амьдралд тус нэмэр болж байна.
2016 он гарсаар Зүүн бүрх гүүр баригдаж дууссан мөн халуун усны барилгатай болсон ба соёлын төвийн гадна засвар хийгдэж, дунд сургуулийн дээвэр гадна засвар хийлгэсэн байна. Мөн Байдлаг багийн төвийг бариж байна.
Та бүхний ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Шүлэг:Ооргой овгийн Бадарчийн Одмаа Хөгжим: Н.Ганбаатар /МУСТА/ Дуучин: С.Ганзориг /МУГЖ/
Агаар усны сайхнаар найр тавин угтаад
Арвин сүүний дээжтэйгээ хадаг барин золголоо
Айраг цагааны дээдээр өргөл барин хүндлээд
Аз жаргалын билэгдлээр ерөөл тавин учирлаа
Түрлэг: Мөнгөнморътой хайрхандаа
Мөргөж залбирч явдаг шүү
Мөрөөдөл уяатай нутгаараа
Бууж л мордоод яваарай
Буян хангайн хишгээсээ сүсэглэн байж хүртээд
Буянт малын шимээр сэржим өргөн хүндэллээ
Эзэн Чингисийн нутгаараа омогшин байж аархахад
Эрдэнэт хүлгийн тоосонд түмний хийморь сэргэнэ ээ
Түрлэг: Мөнгөнморытой хайрхандаа
Мөргөж залбирч явдаг шүү
Мөрөөдөл уяатай нутгаараа
Бууж л мордоод яваарай
Бурхан Халдун ууландаа цацал өргөн залбираад
Буурлын шүтээн хайрхандаа овоо нэмэн тахилаа
Бишрэлт онгон байгалъдаа тахил дээдлэн мөргөөд
Бумбын рашаан Хэрлэндээ ая дуугаа өргөлөө
Түрлэг: Мөнгөнморътой хайрхандаа
Мөргөж залбирч явдаг шүү
Мөрөөдөл уяатай нутгаараа
Бууж л мордоод яваарай