Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- Статистик мэдээ
Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заагт буй Бурхан халдун уул нь Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөргийн 48о, зүүн уртрагийн 109о –ын солбицолд далайн түвшнээс дээш 2361.5 метрийн өндөрт оршдог. Энэ уулыг Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх бөгөөд 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг. 13-р зууны Их хаадыг оршуулж эхэлснээр хүн очихыг хориглож “ Хоригууд” бий болгосон нь Бурхан халдун уулыг тахидаггүй байсан үг биш очсон нь Дунд овоонд бөөгийн болон бурханы шашны зан үйлийг үйлдэж, очоогүй нь сэтгэл байвал, газар холдохгүй хэмээн Бурхан халдунаа хэмээн бодон түүний бараа харагдах өөр бусад тахилгат уул, овоог сүсэглэн тахидаг байжээ. 1995 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсноос хойш төрийн тахилгын ёслолыг нийтдээ 5 удаа үйлдсэн бөгөөд 2010 оны 5-р сард Ерөнхийлөгчийн зарлигаар тайлгыг үйлдсэн. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн А/364 тоот тогтоол гарч Бурхан халдун уулыг Үндэсний бахархалт уул болгон зарласныг Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ёслол төгөлдөр танилцуулсан билээ. Бурхан халдун уулын өвөр, гурван голын сав газар Хэрлэн мөрний хөвөөнд оршдог Мөнгөнморьтчууд бид шүтээн болсон хайрханаа хамгаалах, сурталчлах ажлыг тогтмол хийж ирсэн бөгөөд бид энэ онд ерөнхийлөгчийн зарлигаар 5 жилд нэг удаа тахиж байх зарлиг гарсантай холбогдуулан Монголын бөөгийн холбоо, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран Бурхан халдун уулыг эрт дээр үеэс тахих тайлгын ёслолыг үйлддэг. Хэрлэнгийн цагаан арлаас /одоогийн Мөнгөнморьт сумын нутаг/ тахиж байх бэлтгэлийг хангаж, Соёл, спорт аялал жуулчлалын яамтай хамтран Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх талаар нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, судалгаа шинжилгээний экспертүүдийг хүлээн авч 8-р сард бөөгийн тахилгыг үйлдэн овоог амилуулах ёслолыг үйлдсэн. Манай сумын нутагт Монголын нууц товчоонд бичигдэн үлдсэн түүх дусргалын газрууд олон байдаг. Жишээ нь: Бөртэ Үжин мэргэдүүдэд булаагдсан газар болох Бүрги эрги, Тана горхины дурсгалын багана, Түнхлэг горхины дурсгалын багана, Хавт Хасарын балгас гэж үздэг Тэрэлжийн дөрвөлжин гэх зэрэг олон олон түүхийн үнэт баялаг байдаг. Энэ нь төрж өссөн төрөлх нутгийн маань үнэт зүйлсийн нэг болж байгаа билээ. Бурхан халдун уулыг харж сүсэглэн мөргөж ажил үйлсээ даатгасан эр хүний хийморь нь сэргэдэг гэж үздэг тул түүх дурсгалын өлгий болсон онгон сайхан байгаль, тахилгат хайрханаа үзэж сонирхох, аялах аялалын хамгийн тэргүүний маршрут болгон тогтооход зөвхөн Мөнгөнморьтчууд бус Төв аймгийн бүх хүн хүчин зүтгэж хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг эх нутаг, онгон байгалиа хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хамтдаа тэмцэхийг уриалан Тэмүүжиний Бурхан халдуныг өглөө бүр мялаасугай Өдөр бүр өчсүгэй Урагийн ураг минь ухатугай хэмээн хэлсэн үгийг сонордуулааж байна. Анхаарал тавьсанд баярлалаа